Thursday, August 22, 2019

ХАРЬЦУУЛСАН УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ


Улс төрийн шинжлэх ухааны орчин үеийн томоохон урсгал, чиглэлийн нэг нь харьцуулсан улс төр судлал юм. Дашрамд дурдахад Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны дөрвөн гишүүн тутмын нэг нь (24% нь) энэ салбар ухаанаар мэргэшсэн байдаг. Эндээс үзэхэд харьцуулсан улс төр судлал хичнээн өрнүүн хөгжиж байгааг ойлгож болох байна. Өнөөдөр харьцуулсан улс төр судлалын чиглэлээр олон тооны импакт фактор сэтгүүл нийтлэгдэх болсон бөгөөд эдгээрээс заримыг нь дурдвал Comparative Politics, Comparative Political Studies, Comparative Studies in Society and History; Comparative Strategy; Comparative Civilizations Review; Cross-Cultural Research; Journal of Commonwealth and Comparative Politics; Revue international de Politique comparee; Revue d’Etudes comparee Est-Ouest зэргийг нэрлэж болох байна. Үүнээс гадна, харьцуулсан улс төр судлалын хүрээнд багтах тодорхой нэг асуудлаар дагнан нийтлэгдэх сэтгүүл байх бөгөөд эдгээрт Parliamentary Affairs: A Journal of Comparative Politics; Democratization; Studies in Comparative International Development; Studies in Comparative Local Government; Publics: The Journal of Federalism; Party Politics; International Review of Administrative Sciences: An International Journal of Comparative Public Administration; West European Politics зэргийг нэрлэж болох байна. Цахим сүлжээний орчинд харьцуулсан улс төр судлалын 781 мянган вэб хуудас ажиллаж байна. Тэрчлэн дэлхийн нэр хүндтэй томоохон их, дээд сургуульд харьцуулсан улс төр судлалаар бие даасан хичээл орох болжээ.
Хэдийгээр харьцуулсан улс төр судлал харьцангуй сүүлд бие болсон салбар ухаан мөн гэх үзэл санаа эрдэмтдийн дунд байдаг боловч нарийвчлан авч үзвэл XIX зууны хоёрдугаар хагастай холбогдоно. XX зууны 40-оод оны сүүл, 50-аад оны эхэн үед уламжлалт болон орчин үеийн харьцуулсан улс төр судлалын дунд ялгавар бий болж, эрчтэйгээр хөгжих болжээ. Ерөнхийд нь нэгтгэн авч үзвэл улс төрийн шинжлэх ухааны салбар ухаан болох харьцуулсан улс төр судлал XIX зууны хоёрдугаар хагасаас эхтэй бөгөөд дараах үндсэн таван үе шатыг дамжиж иржээ. Үүнд:
1.       Харьцуулсан улс төр судлал бие даасан мэдлэгийн төрөл болохын хувьд хэлбэржин бий болсон үе: Цаг хугацааны хувьд XIX зууны хоёрдугаар хагасаас эхтэй:
2.       Уламжлалт харьцуулсан улс төр судлал бүрэлдсэн үе: Цаг хугацааны хувьд XX зууны тэргүүн хагастай холбогдоно.
3.       Бихевиорист чиглэл хүчээ авч, шинэ харьцуулсан улс төр судлал хөгжих болсон үе: Цаг хугацааны хувьд XX зууны 50-аад оны эхэн үеэс, 70-аад оны сүүл үе хүртэл үргэлжилсэн.
4.       Судлагдахууны хувьд шүүмлэлд өртөж, шинэ агуулгаар баяжигдах болсон плюралист харьцуулсан улс төр судлалын үе: Цаг хугацааны хувьд 1970-аад оны дунд үеэс 1980-аад оны сүүл үе хүртэл үрглэжилсэн.
5.       Эдийн засгийн судалгааны арга хүчээ авсан шинэ институционал харьцуулсан улс төр судлалын үе байна: Цаг хугацааны хувьд 1990 оноос өнөөг хүртэл үргэлжилж байна.
1990-ээд оны эхэн үеэс арга зүй болон онолын баттай суурь бүрдсэнээр улс төрийн шинжлэх ухааны салбар ухаан болох харьцуулсан улс төр судлал бие даасан шинж чанартай болж хувирсан. Одоо бүгдээрээ харьцуулсан улс төр судлалын дээрх үе шат бүрийг тус тусад нь авч үзье.
1.1 Харьцуулсан улс төр судлал бүрэлдэн бий болсон нь
Улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн үндсэн үе шатыг шинжлэх явцдаа Чарльз Мэрриам 1923 онд уг мэдлэгийн дараах үеийг гаргасан байна. Үүнд:
1850 он хүртэл үргэлжилсэн априор-дедуктив үе:
1850-1900 оны хооронд үргэлжилсэн түүхэн-харьцуулалтын үе:
1900-өнөөг хүртэл үргэлжилж буй ажиглах, хэмжих, тоймлох хандлагын үе:
Улс төрийн сэтгэл зүйн шинж чанарт тулгуурлан ирээдүйг тааварлах үе:
Үнэхээр ч XIX зууны хоёрдугаар хагасаас эхлэн харьцуулсан улс төрийн судалгаа гэх нэрийн дор харьцуулсан арга, түүний онолын үндэслэлд голчлон анхаарсан нь 1940 он хүртэл тухайн салбар ухааны хөгжилд суурь нөлөө үзүүлсээр иржээ. Тийм ч учраас уг үеийг улс төрийн шинжлэх ухааны хүрээнд харьцуулсан улс төр судлал бие даасан мэдлэгийн төрөл болж хэлбэршсэн үе хэмээн тодорхойлдог байна. Энэ үед харьцуулсан судалгаа, түүний онолын эрэл хайгуул, харьцуулсан улс төр судлалын онцлог шинжийг танин мэдэхэд ихээхэн анхаарч байжээ. Харьцуулсан улс төрийн судалгаа Европ дахинд төдийлөн сайн хөгжиж чадаагүй юм. АНУ-д уг судалгааны төрөл хөгжих болсон нь энэ ухаан Америк тивд үүсвэрлэх үндэс болжээ. Үүнд дараах хоёр зүйл чухал нөлөө үзүүлжээ. Нэгдүгээрт,  АНУ дахь улс төрийн шинжлэх ухаан, харьцуулсан улс төр судлал нь Европ дахь энэ төрлийн судалгааны уламжлалтай нягт холбоотой байв. Хоёрдугаарт, чухам АНУ-д харьцуулсан улс төр судлал бий болсон нь Европын судалгаанд үлэмжхэн нөлөө үзүүлсэн байна.
Харьцуулсан улс төр судлалын эхэн үед хууль эрх зүйн болон түүхэн баримтад тулгуурласан тодорхойлон бичиглэх хандлага давамгайлж байв. Тухайлбал, Колумбын коллеж дахь улс төрийн шинжлэх ухааны түүхэнд анхны профессор хэмээн тооцогдох Фрэнсис Лэбирийн 1857 оны судалгаанаас үүнийг илүү тодорхой харж болох юм. Тэрээр АНУ дахь улс төрийн судалгааны түүхэнд анх удаа түүхэн-харьцуулалтын аргыг нэвтрүүлсэн байдаг. Профессорын албыг хүлээн авахдаа тэрээр түүхчлэн тоймлох явдал аливаа судалгаанд чухал шаардлагатайг дурдаад 1 Эрх зүй, засгийн газрын тогтолцоонд: 2 Платон, Аристотель нараас Калхун хүртэлх сэтгэгчдийн эх зохиолд: 3 Улс төрийн философичдийн утопи хэмээн нэрлэх төрийн байгууллыг судлахад ашиглаж болно хэмээн онцолжээ.
Улс төрийн харьцуулсан судалгааны нэгтгэн дүгнэх уламжлал Оксфордын их сургуулийн профессор Эдвард Фримены «Харьцуулсан улс төр» (1873 он) бүтээлд тусгалаа олсон байдаг. Уг зохиол нь Хатан Хааны Хүрээлэн болон Кэмбрижийн их сургуульд 1873 онд уншсан түүхийн нэгдмэл чанарын талаарх зургаан лекцээс бүрдэл болж байв. Судалгааны зорилго нь түүхийн харилцан адилгүй үед оршин байсан улс орнуудын засаглалын хэлбэр, улс төрийн институтыг харьцуулан судлах замаар адил төстэй болон ялгамжтай талыг нээн илэрүүлэхэд оршиж байсан юм. Фримены хувьд харьцуулсан улс төр судлалд гурван адилтгал байдаг аж. Нэгдүгээрт, гадны орны туршлагаас хуулбарлан хэрэглэсэн ижил үйл ажиллагаа, хоёрдугаарт, улс төрийн засаглал, тогтолцооны ижил төстэй орчин, гуравдугаарт, улс төрийн засаглал, тогтолцооны үүсэл, гарлын нэгдмэл чанар болно.
Харьцуулсан улс төрийн судалгаанд Принстоны Их Сургуулийн профессор, АНУ-ын 28 дахь ерөнхийлөгч асан Томас Вудро Вильсон, Колумбын Их Сургуулийн профессор Жон Бэржес нар томоохон хувь нэмэр оруулсан байна. Вудро Вильсон «Төр. Түүхэн болон практик улс төрийн үндэс» (1889 он), Жон Бэржес «Улс төрийн шинжлэх ухаан ба харьцуулсан үндсэн хуулийн эрх зүй» (1891 он) зохиолууддаа өөрийн үзэл санааг хөгжүүлсэн байна. Вудро Вильсон, Жон Бэржес нарын судалгааны арга зүй нь уламжлалт харьцуулсан улс төр судлалын арга зүйн шинжийг бүрнээ өөртөө шингээсэн байдаг. Хууль цаазын шинжлэх ухааны арга зүйгээс ангид эрх зүйн үүднээс үзэгдэл, үйл явцыг тодорхойлсонд тус арга зүйн онцлог оршино. Тэд улс төрийг албан ёсны хэм хэмжээ, зарчим дээр суурилсан институционал хүрээ болно гэж тодорхойлсон байна. Жон Бэржес өөрийн судалгааны аргын тухай «Хэрэв миний судалгааны онцлогийг нэрлэ гэвэл тэр нь аргад оршино. Энэ бол харьцуулан судлах арга юм. Өөрөөр хэлбэл, байгаль шинжлэлийн ухаанд үр дүнтэй гэж тооцогдсон аргыг улс төрийн шинжлэх ухаан болон хууль цаазыг судлахад хэрэглэхийг оролдсонд оршино» гэжээ. Гэвч байгаль шинжлэлд үр дүнтэй гэж нэрлэгдсэн Вудро Вильсон, Жон Бэржес нарын судалгааны аргыг хамтран зүтгэгчид нь бодит үзэгдэл, үйл явцыг бүртгэх, тоочих арга төдийд авч үзсэн юм. Английн эрдэмтэн Жон Силла, Фрэдрэк Поллок, Америкийн эрдэмтэн Теодор Дуайт Вулси, лорд Жэймс Брайс, Оросын эрдэмтэн М. Я. Острогорский нарыг энд нэр цохон дурдах байна.
Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооноос 1912 онд гаргасан баримт бичигт Америкийн төрийн засаглал, эрх зүйн үндэс, улс төрийн онолын зэрэгцээ судалгааны бие даасан бас нэг чиглэл нь харьцуулсан улс төр судлал мөн гэж заасан байна. Англи-Францын нэртэй улс төр судлаач Жан Блондэл авгай «Дэлхийн нэгдүгээр дайны эхэн үед харьцуулсан улс төр судлал нь улс төрийн судалгааны бие даасан чиглэл болсон» талаар бичжээ. Нэртэй эрдэмтэн В. Виллоби улс төрийн шинжлэх ухааны улс төрийн онол буюу философи, нийтийн эрх зүй, төрийн захиргааны ерөнхий онол гэх гурван томоохон чиглэл байгааг 1904 онд дурдсан байна. Виллобигийн үзсэнээр, төрийн захиргааны ерөнхий онолд харьцуулсан улс төр судлал багтжээ. Ерөнхийд нь нэгтгэн үзвэл XX зууны дунд үе хүртэл харьцуулсан улс төрийн судалгаанд уламжлалт хандлага ноёрхож байсныг онцлох хэрэгтэй.
1952 онд Баруун Хойдын Их Сургуульд (Чикаго, Эванстон) Нийгмийн Судалгааны Нийгэмлэгийн ивээл дор Улс Төрийн Шинжлэх Ухааны Их Семинар зохиогдож, эндээс арга зүйн хувьд харьцуулсан улс төр судлалын өрнүүн хөгжил эхэлсэн гэж үздэг. Ингэснээр харьцуулсан улс төрийн судалгааны шинэ хандлагын үе эхэлсэн гэж үзэж болох талтай. Тус семинарт Самуэл Биэр, Жорж Блэнкстон, Ричард Кокс, Карл Дойч, Харри Экстэйн, Кэннэт Томсон, Робэрт Уорд, Рой Макридис нарын тухайн үедээ нэр цолгорсон судлаачид оролцсон байна. Тиймдээ ч шинжлэх ухааны судалгаа нарийн тооцоолол, бодит үр дүнг чухалчилдаг байх ёстой гэж үзсэн тэднийг харьцуулсан улс төр судлалыг шинэчлэгчид гэж үнэлдэг юм. Чухам тэд харьцуулсан улс төрийн шинжилгээний түвшин, үндсэн сэдвийг тодорхойлсон байна. Улмаар тус семинараас арга зүйн найман үндсэн асуудлыг хөндөж шийдвэрлэсэн байдаг. Үүнд;
1.       Үзэгдэл, үйл явц бүрийн харьцуулан судална гэдэг өөрөө хийсвэр зүйл юм. Учир нь үзэгдэл, үйл явц бүр дахин давтагдашгүй, өөрийн гэсэн онцлог шинж бүхий өвөрмөц байдаг. Нийгэм-улс төрийн үзэгдэл бүхэн, хувь хүн бүхэн, улс төрийн харилцааны субьект, обьект бүхэн өөрөө дахин давтагдашгүй, өвөрмөц шинж чанартай:
2.       Үзэгдэл, үйл явцыг харьцуулан судлахын өмнө ойлголт, категори, хэмжүүрийг нарийн, тодорхой болгох хэрэгтэй. Ингэхгүйгээр харьцуулалт хийх бололцоогүй юм:
3.       Үзэгдэл, үйл явц бүрийг тодорхойлох арга, гаргачлал, хэмжүүр гаргаж боловсруулах хэрэгтэй:
4.       Асуудал шийдвэрлэж таамаглал шалгах байдлаар улс төрийн онол, үзэл баримтлал боловсруулах шаардлагатай:
5.       Таамаглал, түүний эмпирик баримт түшиглэсэн байдал ямар нэг хийсвэр үзэл онолыг нотлоход чиглэгдэх ёсгүй. Таамаглал бүхэн шалгаж, нотолж болохуйц байх ёстой:
6.       Нэгдсэн таамаглал дэвшүүлэхээс илүүтэйгээр саланги, тусгаар таамаглал дэвшүүлэх хэрэгтэй:
7.       Харьцуулсан судалгаа нь нэгдүгээрт, бидний төсөөөллийг баяжуулж, нийгмийн тогтолцоог ойлгох бидний чадварыг нэмэгдүүлдэг байх ёстой: хоёрдугаарт, таамаглал шалгах арга хэрэгсэл байх ёстой: гуравдугаарт, бидний хувьд тайлбарлах, танин мэдэх шаардлагатай бүхэнд хариулт болж байх ёстой:
8.       Хийсвэр төсөөлөл урьдчилан бий болгоод түүнийгээ нотлох мэдээлэл цуглуулж байдаг нь харьцуулсан судалгаанд тулгарч буй гол аюул юм. Үүнээс дайлсхийхын тулд аль болох боломжит түвшинд мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар юм, үзэгдлийн илрэх түгээмэл зүй тогтлыг илрүүлж, түүнийг батлах юм уу үгүйсгэсэн таамаглал дэвшүүлж шалгах явдал юм.
Дээр дурдсан семинар, түүний арга зүйн талаарх байр суурь нь харьцуулсан улс төрийн судалгааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Үр дүнд нь улс төрийн харьцуулсан судалгаа АНУ-д хүчтэй хөгжих болсон байна. Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны жил тутмын хуралд ерөнхийлөгч Пэндлтон Хэрринг 1953 онд илгээсэн мэндчилгээндээ «Улс төрийн төгс илэрхийлэлд эрмэлзэх хүч, соёл, үзэл суртал, түүхэн хөгжлийн харьцуулсан судалгаа нь дэлхийн улс орнуудыг танин мэдэхэд туслаад зогсоогүй өөрөө өөрсдийгөө сайтар ойлгох боломжийг бидэнд олгосон юм» гэжээ. Нийгмийн Судалгааны Хороо 1954 онд Чарльз Мерриамын шавь нарын нэг Габриэл Алмондоор толгойлуулсан Харьцуулсан Улс Төр Судлалын Хороог үүсгэн байгуулсан байна. «Бид Европ болон Америкийн оюун санааны консерватизм, хязгаарлагдмал байдалтай тэмцэх харьцангуй “залуу” хороо байлаа» хэмээн Алмонд дурсан бичжээ. Хорооны үйл ажиллагаа маш өргөн хүрээтэй, олон талт шинж чанартай байв. «Энэ бол хорин жилийн хугацаан дахь оюуны үйл ажиллагааны өрнүүн хөгжлийн үе байв. Хорооны үйл ажиллагаанд оролцох эрдэмтдийн тоо 245 байснаас 199 нь америкчууд, үлдэх 46 нь үндсэндээ европчууд байлаа».
Ардчилсан, авторитари дэглэмийг харьцуулан судлах, улс төрийн дэглэм, институтыг хэмжих уламжлал бий болсон байна. С. Хантингтон, М. Яновиц, С. Файнэр нарын армийн талаарх, Г. Эрман «Дөрвөн тивийн сонирхлын бүлгүүд» (1958 он), Г. Алмонд, С. Верба нарын «Иргэний соёл» (1963 он) судалгаанууд улс төрийн шинжлэх ухаанд томоохон үйл явдал боллоо. Сиднэй Верба болж буй өөрчлөлтийг сайтар тодорхойлсон байдаг. Тэрээр бичихдээ «Онолоос илүүтэйгээр практик асуудлыг чухалчилж, нэг баримтаас олон баримтыг харьцуулан, улс төрийн чиг үүрэг, улс төрийн үйл явцын удирдах албан ёсны институтыг танин мэдэж, Европоос бусад Ази, Африк, Латин Америкийн орнуудыг судлах болсноор харьцуулсан улс төрийн судалгаанд жинхэнэ хувьсгал эхэлсэн юм» гэжээ. Хорооны үйл ажиллагаа судалгааны нэгдсэн арга зүй дээр тулгуурласан онолын асуудал боловсруулах ерөнхий шинжлэх ухаан бий болгоход чиглэгдэж байсан гэвэл хэтрүүлэг болохгүй болов уу. Хорооны үйл ажиллагааны үр шимээр 1950-аад оны дунд үеэс 1970-аад оны эхэн хүртэлх Америк дахь улс төрийн судалгаа өрнүүн хөгжиж, олон үнэ цэнэ бүхий судалгаа хийснийг дурдахгүй өнгөрч болохгүй билээ.
Их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт ч харьцуулсан улс төр судлал томоохон тэсрэлт хийсэн юм. 1925 онд АНУ-ын томоохон арван их сургуульд харьцуулсан улс төр судлалыг арван оюутан тутмын нэг нь сонгож байсан бол 1945 онд таван оюутан тутмын нэг, 1965 онд гурван оюутан тутмын нэг нь сонгох болсон юм. Харьцуулсан улс төрийн судалгаанд энэ мэт шинэ хандлагын нөлөө өсөн нэмэгдэж байсан ч уламжлалт хандлага бүрэн устсан гэж үзэж болохгүй билээ (Сморгунов, 2012, хуудсд. 13-43).
Үргэлжлэл бий.

Бичвэрийн эх сурвалж

Сморгунов, Л. В. (2012). Сравнительная политология: Учебник для вузов. Стандарт третьего поколения. Санкт-Петербург: Питер.

БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn